Боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх, багш судлаачдын эрдэм судлалын ажлыг олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах зорилгоор МУБИС-ийн Архангай Багшийн сургуулиас “БАГШЛАХУЙ, СУРАЛЦАХУЙН ХӨГЖИЛ, ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт ОУЭШХ-ыг амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хурал оролцож байгаа бүрэлдэхүүн өргөнтэй, хэлэлцэж байгаа илтгэлүүд боловсролын бүхий л түвшинд хамаарах судалгааг хамарснаараа онцлог байлаа. ОУЭШХ-д их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачийн 78 илтгэл ирүүлснээс 48 илтгэл Эрдэм шинжилгээний бүтээлд хэвлэгдэж 27 илтгэл нэгдсэн болон салбар хуралдаануудад хэлэлцэгдсэн байна.
Тус хуралд :
-ОХУ-ын Буриадын Багшийн коллежийн Герман-Англи хэлний багш Табитуева Мария Яковлевна ,орос хэлний багш Цыдыпова Юлия Николаевна
- БНХАУ-ын Хайлаар хот дахь Хөлөн буйр дээд сургуулийн Хятад хэлний багш, дэд профессор Бай Хонг Мей, биеийн тамирын багш Алтанцэцэг
-БНХАУ, ӨМӨЗО-ны Хошуу ажил мэргэжлийн дээд зэргийн дунд сургуулийн захирал Наянтай, орлогч захирал Баянцэнгэл
-БНАрдчилсан Конго улсын иргэн, ОУ-ын УБИС, Дидо Мукади
-АНУ, Энх тайвны корпусын сайн дурын ажилтан, “Хүмүүн” 3-р сургуулийн багш Райн Баркер нар хүрэлцэн ирж илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Мөн МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Сүхболд, Эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга, доктор Я.Шийлэгмаа, МБУС-ийн захирал, доктор, дэд профессор О.Алтангоо, МБУС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Сандагдорж, НХУС-ийн багш, доктор, профессор С.Эрдэнэмаам, СӨБС-ийн Сургалт, судалгааны төвийн эрхлэгч доктор, профессор Ж.Батдэлгэр болон МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэд, судлаачид, багш нар оролцож илтгэл тависан.
-МУИС, ШУТИС болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Ховд ИС, Баян-Өлгийн БС, МУИС-ийн Завхан салбар сургууль, МУИС-ийн Орхон сургууль, Дорнод ИС-иас эрдэмтэн багш нар илтгэлээ ирүүлсэн. Хөвсгөл аймгийн “Ирээдүй 21-р зуун” цогцолбор сургуулийн багш нар оролцлоо.
МУБИС-ийн Архангай Багшийн сургууль, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн алба хамтран жил бүр ОУЭШХ-ыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Хурлын үеэр багш, оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн гаргасан. 80 гаруй шилдэг бүтээл тавигдсан.
ЭШХ-д оролцогчдод зориулж БС-ийн оюутнууд ая дууны мэндчилгээ өргөв. Хурлын ажиллагааг амжилттай зохион байгуулсан МУБИС-ийн хамт олон, комиссын гишүүдэд талархал дэвшүүлье.